Хувилбар 1.02026-11-01-с хүчин төгөлдөр
Нууцлалын бодлого
Анхны хувилбар.
Хувилбар 1.0. Хүчин төгөлдөр болох: 2026 оны 11 дугаар сарын 1.
"Хай Коммерс" ХХК (цаашид "Компани") 2fa.mn үйлчилгээгээр утасны дугаар баталгаажуулахад шаардлагатай хамгийн бага мэдээллийг л цуглуулж, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн дагуу боловсруулна. Компани хувийн мэдээллийг худалдахгүй бөгөөд зар сурталчилгааны зорилгоор ашиглахгүй.
3.1. Мэдээлэл хариуцагч
"Хай Коммерс" ХХК, регистр 7180697. Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, 7-р хороолол /14182/, Ногоон нуур. Хувийн мэдээллийн асуудлаар: ceo@hihi.mn, 80085517.
3.2. Цуглуулах мэдээлэл
| Хэнээс | Мэдээлэл | Зорилго | Хууль зүйн үндэслэл | Хадгалах хугацаа |
|---|---|---|---|---|
| Эцсийн хэрэглэгч | Утасны дугаар, оператор, мессежийн текст, код, SESSION ID, огноо цаг, баталгаажуулалтын үр дүн | Дугаар баталгаажуулах, Харилцагчид үр дүн дамжуулах | Хэрэглэгч өөрөө мессеж илгээж зөвшөөрсөн, Харилцагчтай байгуулсан гэрээ | Мессежийн текст 90 хоног |
| Эцсийн хэрэглэгч | Мессежийн тооцооны бүртгэл (CDR) | Оператортой тооцоо нийлэх, гомдол шийдвэрлэх | Хуулиар хүлээсэн үүрэг | Хуульд заасан хугацаа |
| Харилцагч | Нэр, утас, и-мэйл, байгууллагын нэр, регистр, банкны данс | Бүртгэл, гэрээ, төлбөр шилжүүлэх, техникийн дэмжлэг | Гэрээ | Гэрээ дууссанаас хойш 5 жил |
| Харилцагч | ДАН-аар баталгаажуулсан овог, нэр, регистр (шаардлагатай үед л) | Хэн болохыг тогтоох, залилангаас сэргийлэх | Зөвшөөрөл, хууль ёсны ашиг сонирхол | Гэрээ дууссанаас хойш 5 жил |
| Бүгд | IP хаяг, хөтөч, API хандалтын лог, webhook хаяг, хариу код | Аюулгүй байдал, залилангаас сэргийлэх | Хууль ёсны ашиг сонирхол | 12 сар |
Компани Эцсийн хэрэглэгчийн нэр, нууц үг, байршил, утасны харилцагчдын жагсаалтыг цуглуулахгүй.
3.3. Мэдээллийг хэнд дамжуулах вэ?
- Харилцагч: Эцсийн хэрэглэгч баталгаажуулалт хийж буй аппликейшн, вэбсайт эзэмшигч. Зөвхөн тухайн баталгаажуулалтын үр дүн, утасны дугаар, операторын мэдээллийг дамжуулна.
- Үүрэн холбооны операторууд: мессеж дамжуулах, тооцоо нийлэх зорилгоор.
- Дотоодын үүлэн үйлчилгээ үзүүлэгч: мэдээллийг Монгол Улсад байрлах серверт хадгална.
- Банк: Харилцагчид төлбөр шилжүүлэх зорилгоор.
- Төрийн байгууллага: зөвхөн хуулиар шаардсан тохиолдолд.
Компани мэдээллийг Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадагш дамжуулахгүй.
3.4. Хамгаалалт
Оператортой холболт IPsec VPN-ээр, бусад холболт TLS 1.2 ба түүнээс дээш шифрлэлтээр явагдана. Мэдээлэл, нөөц хуулбарыг шифрлэж хадгална. API түлхүүрийг hash хэлбэрээр хадгалж, нууц үг, эмзэг мэдээллийг шифрлэгдээгүй хэлбэрээр хадгалахгүй. Удирдлагын хандалтыг VPN болон хоёр шатлалт баталгаажуулалтаар хязгаарлаж, бүх хандалтыг бүртгэнэ. Мэдээллийн аюулгүй байдлын зөрчил гарсан тохиолдолд хуульд заасан хугацаанд холбогдох этгээд болон эрх бүхий байгууллагад мэдэгдэнэ.
3.5. Таны эрх
Та хуульд заасан хүрээнд дараах эрхийг эдэлнэ:
- Өөрийн тухай ямар мэдээлэл боловсруулж буйг мэдэх, хуулбар авах, экспортлох.
- Буруу мэдээллийг засуулах.
- Бүртгэлээ болон мэдээллээ устгуулах. Хүсэлтийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор устгана. Хуулиар хадгалах тооцооны бүртгэл үүнд хамаарахгүй.
- Зөвшөөрлөө цуцлах. Цуцалсан нь өмнө нь хийсэн боловсруулалтад нөлөөлөхгүй.
- Гомдол гаргах. Хүсэлтийг ceo@hihi.mn-ээр ирүүлбэл 10 ажлын өдөрт хариу өгнө. Хүсэлт гаргагчийн хэн болохыг 150073 руу мессеж илгээх замаар шалгаж болно.
Тухайн Харилцагчийн апп дахь таны бүртгэлийн мэдээллийг тухайн Харилцагч хариуцах тул түүнд хандана уу.
3.6. Күүки
https://2fa.mn вэбсайт болон консол нь нэвтрэлт, аюулгүй байдлын зайлшгүй күүки л ашиглана. Зар сурталчилгааны, хянах күүки ашиглахгүй.
3.7. Насанд хүрээгүй хэрэглэгч
16 нас хүрээгүй хүүхэд мессеж илгээхдээ эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл авна. Харилцагч хүүхдэд зориулсан үйлчилгээнд 2fa.mn-ийг ашиглахдаа үүнийг хангана.
3.8. Өөрчлөлт
Энэхүү бодлогод өөрчлөлт оруулах бол https://2fa.mn-д 30 хоногийн өмнө нийтэлнэ.