Хувилбар 1.02026-11-01-с хүчин төгөлдөр
Харилцагчийн гэрээ
Анхны хувилбар.
Хувилбар 1.0. Хүчин төгөлдөр болох: 2026 оны 11 дугаар сарын 1. Хөгжүүлэгчийн консолд цахимаар зөвшөөрнө.
Энэхүү Харилцагчийн гэрээ нь "Хай Коммерс" ХХК (регистр 7180697, цаашид "Үйлчилгээ үзүүлэгч") болон 2fa.mn үйлчилгээнд бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээд (цаашид "Харилцагч")-ийн хооронд үүсэх харилцааг зохицуулна. Харилцагч бүртгүүлэх үедээ "Зөвшөөрч байна" товчийг дарснаар гэрээ, түүний хавсралт болох Зохистой хэрэглээний бодлого, Хувийн мэдээлэл боловсруулах тухай хавсралт, Тарифын хавсралтыг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно. Гэрээ нь Иргэний хууль, Харилцаа холбооны тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон Харилцаа холбооны зохицуулах хорооны холбогдох журамд нийцнэ.
2.1. Нэр томьёо
- Эцсийн хэрэглэгч: Харилцагчийн аппликейшн эсвэл вэбсайтыг ашиглан утасны дугаараа баталгаажуулж буй хүн.
- MO SMS: Эцсийн хэрэглэгчийн 150073 дугаар руу илгээсэн мессеж.
- MT SMS: Үйлчилгээ үзүүлэгчээс Эцсийн хэрэглэгчид илгээх мессеж.
- SESSION: 5 минутын хүчинтэй нэг удаагийн кодоор хийх баталгаажуулалт.
- RULE: Тогтмол угтвар бүхий мессежээр Харилцагчийн системд тодорхой үйлдэл идэвхжүүлэх арга.
- Амжилттай баталгаажуулалт: Идэвхтэй SESSION эсвэл RULE-тэй тохирсон, оператор төлбөрийг баталгаажуулсан MO SMS.
- Оператор: Мобиком, Юнител, Скайтел, Жи-Мобайл, Онлайм, ОНДО, Токи, Каос болон 150073 дугаараар үйлчилгээ үзүүлдэг бусад үүрэн холбооны оператор.
- API түлхүүр: Харилцагчийг системд таних нууц түлхүүр.
2.2. Үйлчилгээ
- Үйлчилгээ үзүүлэгч Эцсийн хэрэглэгчийн MO SMS-ийг хүлээн авч, үр дүнг Харилцагчийн системд API болон гарын үсэг (HMAC) бүхий webhook-оор дамжуулна.
- Харилцагч үйлчилгээг утасны дугаар баталгаажуулах, бүртгэл, нэвтрэлт, гүйлгээ баталгаажуулах, үйлчилгээ идэвхжүүлэх, данс холбох зорилгоор ашиглана.
- MT SMS-ийг зөвхөн Эцсийн хэрэглэгчийн MO SMS-д хариу өгөх, эсвэл тухайн хэрэглэгчийн баталгаажуулалттай холбоотой мэдэгдэл илгээхэд ашиглана. Бөөнөөр илгээх, зар сурталчилгааны MT SMS илгээхгүй.
2.3. Бүртгэл, баталгаажуулалт, API түлхүүр
- Харилцагч хөгжүүлэгчийн консолд бүртгүүлэхдээ MO SMS илгээж, утасны дугаараа баталгаажуулна. Бүртгэлийн мэдээллийг үнэн зөв, бүрэн өгнө.
- Хэрэглээний хэмжээ ихсэх, сэжигтэй үйлдэл илрэх, эсвэл оператор буюу хууль тогтоомжоор шаардсан тохиолдолд Үйлчилгээ үзүүлэгч ДАН системээр баталгаажуулалт, улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг нэмэлт мэдээлэл шаардаж болно. Ирүүлээгүй бол эрхийг хязгаарлана.
- API түлхүүрийг гуравдагч этгээдэд дамжуулах, эх кодод оруулах эсвэл нийтэд нээлттэй орчинд байршуулахыг хориглоно. Түлхүүр алдагдсан гэж үзвэл Харилцагч консолоос нэн даруй шинэчилнэ. Түлхүүр алдагдсанаас үүдэх хохирлыг Харилцагч хариуцна.
- Харилцагч туршилтын орчныг үнэ төлбөргүй ашиглана.
2.4. Үнэ, орлого хуваарилалт, тооцоо
- Харилцагч холболтын төлбөр, сарын суурь төлбөр болон бусад суурь хураамж төлөхгүй.
- Эцсийн хэрэглэгч MO SMS бүрт 150₮ (НӨАТ орсон) төлөх бөгөөд үүнийг Оператор нэхэмжилнэ.
- Амжилттай баталгаажуулалт бүрт Тарифын хавсралтад заасан дүнг Харилцагчийн консолын дансанд хуримтлуулна.
- Харилцагчид олгох дүнг зөвхөн Оператор Үйлчилгээ үзүүлэгчтэй тооцоо нийлж, төлбөрийг баталгаажуулсан мессежийн тоогоор тооцно. Оператор хэрэглэгчид буцаан олгосон, төлбөр нь хураагдаагүй, эсвэл тооцоо нийлэхэд хасагдсан мессежид дүн олгохгүй, олгосон бол дараагийн шилжүүлгээс суутгана.
- Үйлчилгээ үзүүлэгч сар бүрийн тооцоог дараагийн сарын эцэс хүртэл гаргаж, Харилцагчийн бүртгүүлсэн банкны данс руу шилжүүлнэ. Хуримтлагдсан дүн 10,000₮-өөс бага бол дараагийн сард шилжүүлнэ.
- Хувь хүн болох Харилцагчид олгох дүнгээс хуульд заасан татварыг суутгана. Хуулийн этгээд Харилцагч өөрийн татварыг өөрөө хариуцна.
- Харилцагч банкны мэдээллээ буруу оруулснаас шилжүүлэг хойшлогдвол Үйлчилгээ үзүүлэгч хариуцахгүй.
- Залилангийн шинжтэй эсвэл зохиомлоор үүсгэсэн байж болзошгүй урсгалын орлогыг шалгалт дуусах хүртэл, гэхдээ 90 хоногоос илүүгүй хугацаагаар түр саатуулж болно. Залилан тогтоогдвол олгохгүй.
- Тариф, орлогын хувь өөрчлөгдөх бол 30 хоногийн өмнө консол болон и-мэйлээр мэдэгдэнэ. Операторын тарифын өөрчлөлтөөс үүдсэн бол Операторын мэдэгдсэн хугацааг баримтална.
2.5. Үйлчилгээ үзүүлэгчийн үүрэг
- Үйлчилгээний сарын бэлэн байдлыг 99.9%-иас доошгүй байлгахыг зорин ажиллана. Операторын сүлжээний саатал үүнд хамаарахгүй.
- Төлөвлөгөөт засварын талаар 3 хоногийн өмнө мэдэгдэнэ. Ноцтой саатал гарсан тохиолдолд илрүүлснээс хойш 1 цагийн дотор үйлчилгээний төлөвийн хуудас болон и-мэйлээр мэдээлнэ.
- Ноцтой саатлын талаар 24/7 горимоор, бусад техникийн асуудлаар ажлын 4 цагийн дотор эхний хариу өгнө.
- Webhook хүргэгдээгүй тохиолдолд 5 хүртэл удаа дахин илгээж, хүргэлтийн төлөвийг консолд харуулна.
- Харилцагчийн хэрэглээний урсгал, орлого болон тооцооны мэдээллийг консолд бодит цагийн горимоор харуулна.
2.6. Харилцагчийн үүрэг
- Мессеж илгээх товч, холбоосын өмнө "150073 дугаар руу мессеж илгээх, үнэ 150₮" гэсэн мэдээллийг тодорхой харуулах. Баталгаажсаны дараа товчийг нуух. Үнийг мэдэгдээгүйгээс үүдсэн аливаа нэхэмжлэл, маргааныг Харилцагч бүрэн хариуцна.
- Эцсийн хэрэглэгчийг нэг баталгаажуулалтад шаардлагагүй давтан мессеж илгээлгэхгүй байх.
- Үйлчилгээг Зохистой хэрэглээний бодлогод нийцүүлэн ашиглах.
- Өөрийн аппликейшн, вэбсайтын нууцлалын бодлогод 2fa.mn-ээр утасны дугаар баталгаажуулдаг тухай тусгах.
- Эцсийн хэрэглэгчийн гомдлыг хүлээн авч, Үйлчилгээ үзүүлэгчтэй холбоотой бол 1 ажлын өдөрт дамжуулах.
- Холбоо барих мэдээлэл өөрчлөгдсөнөөс хойш ажлын 5 өдрийн дотор консолд шинэчлэх.
2.7. Операторын шаардлага
- 150073 дугаар нь Операторуудтай байгуулсан гэрээгээр ажилладаг. Оператор, Харилцаа холбооны зохицуулах хорооны шаардлага энэхүү гэрээнээс давуу хүчинтэй.
- Оператор спам, залилан, хэрэглэгчийн гомдлын улмаас дугаар эсвэл урсгалыг хаавал Үйлчилгээ үзүүлэгч холбогдох Харилцагчийн эрхийг зогсоох бөгөөд энэ нь гэрээ зөрчсөнд тооцогдохгүй.
- Харилцагчийн буруутай үйлдлээс Операторт, зохицуулах байгууллагад төлсөн торгууль, буцаан олголт, хохирлыг Харилцагч нөхөн төлнө.
- Үйлчилгээ үзүүлэгч Оператор, зохицуулах байгууллагын хүсэлтээр Харилцагчийн мэдээлэл, урсгалын тайланг хуульд заасан хүрээнд гаргаж өгнө.
2.8. Эрх түдгэлзүүлэх, гэрээ цуцлах
- Харилцагч хүссэн үедээ консолоор дамжуулан бүртгэлээ хааж, гэрээг цуцалж болно. Хуримтлагдсан дүнг дараагийн тооцооны хугацаанд шилжүүлнэ.
- Үйлчилгээ үзүүлэгч 30 хоногийн өмнө мэдэгдэж гэрээг цуцална.
- Харилцагч 2.6, 2.7 болон Зохистой хэрэглээний бодлогыг зөрчсөн, залилан, хууль бус үйлдэл илэрсэн бол урьдчилан мэдэгдэхгүйгээр эрхийг түдгэлзүүлэх, гэрээг цуцлах ба залилангаар хуримтлагдсан дүнг олгохгүй.
2.9. Хариуцлага
- Талууд гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан шууд хохирлыг хариуцна.
- Үйлчилгээ үзүүлэгчийн нийт хариуцлага өмнөх 3 сард Харилцагчид олгосон дүнгээс хэтрэхгүй. Ашиг алдсан болон шууд бус хохирлыг хариуцахгүй.
- Операторын сүлжээний саатал, давагдашгүй хүчин зүйлээс үүдэх хохирлыг Үйлчилгээ үзүүлэгч хариуцахгүй.
- Харилцагч өөрийн бараа, үйлчилгээ, Эцсийн хэрэглэгчтэй харилцах харилцааг бүрэн хариуцна.
2.10. Нууцлал, оюуны өмч
- Талууд гэрээний хүрээнд олж мэдсэн нууц мэдээллийг нөгөө талын зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд задруулахгүй. Энэ үүрэг гэрээ дууссанаас хойш 2 жил хүчинтэй.
- 2fa.mn нэр, лого, программ хангамж, API баримт бичиг Үйлчилгээ үзүүлэгчийн өмч. Харилцагч SDK, баримт бичгийг зөвхөн үйлчилгээг холбох зорилгоор ашиглана.
- Харилцагч "2fa.mn-ээр баталгаажуулав" гэсэн тэмдэглэгээг ашиглаж болно.
2.11. Бусад
- Үйлчилгээ үзүүлэгч гэрээг өөрчлөх бол 30 хоногийн өмнө мэдэгдэнэ. Хуулиар шаардсан өөрчлөлт мэдэгдсэн даруй хүчин төгөлдөр болно.
- Маргааныг харилцан тохиролцох, тохиролцоонд хүрээгүй бол Харилцаа холбооны зохицуулах хороо эсвэл Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.
- Байгууллага бичгээр гэрээ хүсвэл энэхүү гэрээг үндэслэн хоёр тал гарын үсэг зурна.
4. Зохистой хэрэглээний бодлого
Хувилбар 1.0. Харилцагчийн гэрээний салшгүй хэсэг. 150073 дугаар нь Операторуудын нэмүү өртөгт мессежийн дүрмээр ажилладаг тул доорх шаардлагыг зөрчвөл Оператор дугаарыг бүх Харилцагчид хааж болзошгүй.
4.1. Хориглох хэрэглээ
- Залилан, фишинг, бусдын дугаар, дансыг хууль бусаар ашиглах, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, хүн худалдаалах.
- Мөрийтэй тоглоом, сугалаа, бооцоо, азын тоглоом, шагналт уралдаан.
- Зар сурталчилгаа, маркетингийн болон бөөнөөр илгээх мессеж.
- Эцсийн хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр төлбөр тооцох, захиалгат (subscription) үйлчилгээнд холбох, мессеж илгээхийг албадах.
- Үнэ, зорилгыг нуух, төөрөгдүүлэх, "үнэгүй" гэж худал мэдээлэх.
- SIM ферм, автомат программ, хулгайн SIM ашиглан зохиомол урсгал үүсгэх, орлого олох зорилгоор хэрэглэгчийг давтан мессеж илгээлгэх.
- Системд халдах, reverse engineering хийх, хурдны болон хэмжээний хязгаарлалтыг техникийн аргаар тойрох оролдлого.
- Гуравдагч этгээдийн зохиогчийн эрх, барааны тэмдэг, хувийн мэдээллийг зөрчих.
- Насанд хүрэгчдэд зориулсан, хүчирхийлэл, үзэн ядалт өдөөсөн агуулга, хууль бус бараа, үйлчилгээ.
- Хууль, Операторын гэрээ, Харилцаа холбооны зохицуулах хорооны журмыг зөрчих аливаа хэрэглээ.
4.2. Заавал мөрдөх шаардлага
- Мессеж илгээх товчны өмнө үнэ (150₮), дугаар (150073), зорилгыг тодорхой харуулах.
- Нэг үйлдэлд нэг мессеж шаардах. Амжилттай баталгаажсаны дараа дахин илгээлгэхгүй.
- MT SMS-ийн текст 160 тэмдэгтээс хэтрэхгүй, холбоос, зар сурталчилгаа агуулахгүй.
- Хэрэглэгчийн гомдлыг 1 ажлын өдөрт Үйлчилгээ үзүүлэгчид дамжуулах.
4.3. Хяналт, арга хэмжээ
- Үйлчилгээ үзүүлэгч урсгалыг автоматаар хянана: давхардаагүй илгээгчийн тоо, нэг дугаараас давтагдах тоо, ер бусын цаг, нэг Оператороос огцом өсөлт.
- Сэжигтэй урсгал илэрвэл Харилцагчийн эрхийг автоматаар түр зогсоож, төлбөрийг саатуулж, хүнээр шалгана.
- Зөрчил тогтоогдвол эрхийг цуцалж, дугаар болон Харилцагчийг хар жагсаалтад оруулж, Операторт мэдэгдэнэ.
- Зөрчлийн талаар ceo@hihi.mn хаяг эсвэл 80085517 дугаарт мэдээлнэ үү.
5. Хавсралтууд
5.1. Хувийн мэдээлэл боловсруулах тухай хавсралт
Харилцагчийн гэрээний салшгүй хэсэг.
- Үүргийн хуваарилалт: Эцсийн хэрэглэгчийн утасны дугаарыг баталгаажуулах зорилгоор Харилцагч мэдээлэл хариуцагч, Үйлчилгээ үзүүлэгч түүний даалгавраар боловсруулагч байна. Оператортой тооцоо нийлэх, залилангаас сэргийлэх зорилгоор Үйлчилгээ үзүүлэгч бие даасан мэдээлэл хариуцагч байна.
- Боловсруулах мэдээлэл: утасны дугаар, оператор, мессежийн текст, код, огноо цаг, баталгаажуулалтын үр дүн.
- Хязгаар: Үйлчилгээ үзүүлэгч мэдээллийг зөвхөн баталгаажуулалт, тооцоо, аюулгүй байдлын зорилгоор боловсруулж, бусад зорилгоор ашиглахгүй, худалдахгүй.
- Харилцагчийн үүрэг: Эцсийн хэрэглэгчид 2fa.mn-ээр дугаар баталгаажуулдаг тухай өөрийн нууцлалын бодлогоор мэдээлж, хуулиар шаардсан зөвшөөрлийг авна.
- Ажилтан: мэдээлэлд хандах ажилтан нууцлалын үүрэг хүлээнэ.
- Туслан боловсруулагч: дотоодын үүлэн үйлчилгээ үзүүлэгч, Операторууд. Шинэ туслан боловсруулагч нэмэх тохиолдолд 30 хоногийн өмнө консолд мэдэгдэнэ.
- Байршил: мэдээллийг Монгол Улсад хадгална.
- Хамгаалалт: Нууцлалын бодлогын 3.4-т заасан арга хэмжээ.
- Зөрчил мэдэгдэх: мэдээлэл алдагдсаныг илрүүлснээс хойш 24 цагийн дотор Харилцагчид мэдэгдэнэ.
- Эрхийн хүсэлт: Эцсийн хэрэглэгчийн хүсэлтийг Харилцагч шийдвэрлэхэд 10 ажлын өдөрт туслана.
- Устгах: мессежийн текстийг 90 хоногийн дараа устгана. Тооцооны бүртгэлийг хуульд заасан хугацаанд хадгална.
- Хяналт: Харилцагч жилд 1 удаа, 30 хоногийн өмнө мэдэгдэж, хамгаалалтын арга хэмжээний талаар бичгээр мэдээлэл авах эрхтэй.
5.2. Тарифын хавсралт
Хүчин төгөлдөр болох: 2026 оны 11 дугаар сарын 1. Бүх дүн төгрөгөөр.
| Үзүүлэлт | Дүн |
|---|---|
| Эцсийн хэрэглэгчийн MO SMS бүрийн үнэ (Оператор нэхэмжилнэ) | 150₮, НӨАТ орсон |
| Харилцагчид олгох дүн, амжилттай баталгаажуулалт бүрт | 45₮ |
| Холболт, сарын суурь төлбөр | 0₮ |
| Туршилтын орчин | 0₮ |
| Төлбөр шилжүүлэх доод хэмжээ | 10,000₮ |
| Төлбөр шилжүүлэх хугацаа | Дараагийн сарын эцэс хүртэл, Оператор баталгаажуулсан тоогоор |
Дүн өөрчлөгдөх бол 30 хоногийн өмнө мэдэгдэнэ.